Цөөвөр Чоно ба Долоон Ишиг

in #economy7 years ago (edited)

Цөөвөр чонын Өчил бол манай үеийн хамгийн үнэ цэнэтэй, бас хамгийн аюултай ном.

confession.jpg

Янгир харваач Эдвард Гриффинийн хийсэн дүн шинжилгээ

Зурам бол үнэгүй бяслагт нугасгүй амьтан. Харин үнэгүй бяслаг бол зурамны толгойд углах урхи мөн. Зурамны урхи бэлдэх арга энгийн. Зурамны нүхний амсар дээр голдоо дугуй нүхтэй үхрийн баас шавж зурамны нүхийг битүүлнэ. Зурам нь үхрийн баасыг саалийн үнээний сүүтэй андуурч голоор нь нүхлэн урагш тэмүүлнэ. Угтаа зурамны нүхний амнаас холгүй байрлуулсан бяслагны үнэр аваад ухаан жолоогүй чигээрээ яаран хурдалж буй хэрэг шүү дээ. Зөвхөн өөрт тохиосон ховор азыг цаг алдалгүй шүүрэн олзлохгүй бол заяа тавилан гомдоно хэмээн зурам сэтгэнэ. Энэ үед үхрийн баасны голыг тойруулан гогцоо гаргаж сайтар өнгөлөн далдалсан уурга зурамны толгойг уургалан гарах гарцгүй болгосноор зурам өөрөө олзлогдоно. Энэ бүхнийг хөндлөнгөөс зохион байгуулж, алсаас ажин суусан хүүхдүүд зурамны ан амжилттай болсонд хөөрч баясаад эцэст нь зурмаа сул тавьж чөлөөлнө. Үнэхээр хөгжилтэй наадаан боллоо.

Хөгжиж буй орнуудын удирдагчид бол Зурам. Дэлхийн банк болон Олон Улсын Валютын Сан бол Саалийн Үнээ. Авто болон төмөр зам, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бол Саалийн Үнээ сааж өрмийг нь шахсан үнэгүй Бяслаг. Харин зээлийн өндөр хүү бол Зурамны хоолойд угласан Уурга. Толгойгоо уургалуулсан зурам хөлд нь дөнгө зүүснийг анзаарахгүй улам дээш хөөрнө. Энэ хэрээр олон түмэн үгүйрэн хоосорч туйлдана, харин уурга сахьсан цөөн хэдэн толгой баячууд хагартлаа баяжина.

Перкинс бол зурам ховсдох мэргэжилтэн. Зурмыг хий хоосон үлгэрт итгүүлэн өөрийгөө ховорхон аз жаргалтай учирлаа хэмээн дэвхцэн хөөрцөглүүлэх нь Перкинсийн хийдэг үндсэн ажил. Перкинс бол Уран Ятгачин мөн. Тэрбээр зурам хэрхэн олзлогддог болохыг өөрийн номоор илчилж өөрийн Эзэндээ үйлчилж байна. Эзэн энэ бүхнийг уншаад хөөрч баярлан урам хайрлан сайшаах болно. Үнэхээр Хөгтэй бас Хөгжилтэй Наадам болжээ. Хөг, Эгшиг нийлсэн Хосгүй сайхан Найр.

Уулын Өвгөн

Перкинс бол оюун ухаанаа хэдийнэ гээсэн сохор хүн байжээ. Тэр өөрийн сүнсээ уулын өвгөнд худалдан, ариун нэр төрөө өдгөө нүүр буруулах болсон корпарци болон засгийн газрын эрх ашиг хоорондын нарийн сүлжилдсэн торон сүлжээнд хүлүүлж, гинжлүүлэн байсандаа ихэд гэмшиж байгаагаа өөрийн өчлөөр дамжуулан илэрхийлжээ. Тэр олон жилийн турш өөрийн гэм нүгэлтэй хүч тэнцвэргүй тулаан хийсний эцэст өөрөө өөрийгөө ялсан байна. Энэ бол тийм амар хялбар алхам байсангүй, учир нь тэр өөрийн хийсэн бүх бузар булхай үйлдлүүд нь хэзээ нэгэн цагт хүн төрөлхтнийг нүдээ нээн ухаарахад нь туслана гэдэгт итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байжээ. Түүнийг багц багцаар урсан ирэх мөнгөн ташуураар зодож нүдэж ороолгодог байсан нь нүдээ нээхэд нь маш том саад тотгор учруулж байсныг тэр аажмаар ухаарсан байна. Тэр өөрийн мөнгөнд дөрлүүлсэн гав гинжнээс мултрахын тулд эхлээд ажлаасаа гараад зөвлөхөөр ажиллахаар шийджээ. Ингэснээр тэр урьдын адил ажиллаж байсан боловч зөвлөхийн хөлсөнд өгч байсан мөнгө нь жирийн ажилтнаар ажиллаж байсан хэмжээнээс нь хавьгүй илүү болохыг үзжээ. Тэр өөрийн үнэн өчлөөр бүх дэлхийг соён гэгээрүүлэх зорилт өмнөө тавьсан бөгөөд гэхдээ энэ бодол нь өөртөө ихээхэн мөнгө хуримтлуулж орон гэрээ төвхнүүлсний дараа сая төрсөн гэж бичжээ.

Түүний үнэн өчлийн үнэ цэнийг бид дэнслэх шаардлагагүй, гэхдээ энэ бүхэн бүрэлдэн бий болоход маш урт зам туулсан гэдгийг нь даруй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр бол өөрийн номондоо илчлэн харуулсан хязгааргүй их шуналын ёроолгүй гүн ангалыг урин дуудагч тулгуур хүчин зүйлсийн бодит жишээ мөн гэдгийг бид анзаарахгүй өнгөрөөж яавч болохгүй. Гэхдээ түүний эрх чөлөөний төлөө хийсэн агуу их тэмцлийн зам мөр, шудрага ёс тогтоохын төлөө тэмүүлсэн их ухаарлын үнэ цэнийг хэн боловч талархан хүлээж авах нь зүйтэй.

Энэ бол манай үеийн хамгийн үнэ цэнэтэй бөгөөд хамгийн аюултай ном мөн. Учир нь энэ номонд үнэн, худал хоёр мөр зэрэгцэн оршиж байна. Энэхүү үнэн нүүр царайны цаана ямархуу булхай оршиж байгааг одоо бүгдээрээ харцгаая.

Бэлгийн морины шүдийг шалгаад үзэхэд илүүдэхгүй.

Үүрийн Цолмон

Перкинс өөрийгөө Марксист (энэ бол хуучирсан нэр томъёо) үзэлтэн гэж шууд нэрлээгүй боловч яг л тийм утга санаа бүхий нийтэч үзэл хэмээх номлолыг өөрийн зохиолдоо сурталчилж байгаа нь нүднээ ил, тиймээс түүний хэн болохыг илүү тодорхой харуулахын тулд түүнийг Марксист гэж нэрлэе. Түүний хэн болохыг ийм шулуухан тодорхойлж болно гэж үү хэмээн та гайхаж мэднэ. Тэгвэл нийтэч үзэлтэн гэж хэн болохыг эхлээд тайлбарлая.

Нийтэч үзлийн нэг цаасан шувуухай бол "Чадлынхаа хэрээр ажиллаж хийснийхээ хэрээр авах" уран жиргээ байдаг. Өнгөцхөн харахад, энд ямар нэгэн эргэлзэх зүйл огт байхгүй. Нээрээ л энэ бол шудрага, өгөөмөр амьдрахуйн тулгуур багана мөн байлгүй гэлтэй. Гэвч өглөг буян хийгээд сонгох эрх чөлөө хоорондын хилийн торгон дээсийг тэдгээр нийтэч үзэлтнүүд өөрийн гартаа шивширтэл чанга атгадаг. Бүр тодруулбал, ямар нэгэн ажлыг алдаа мадаггүй зөв зүйтэй хийхийн тулд зайлшгүй хүч хэрэглэх юмуу захиргаадах ёстой гэж тэд гүн гүнзгий сүсэглэн итгэдэг.

Зовлонд унасан нэгэнд буян амлах тэдний уран арга ямар байдгийг одоо үзүүлье. Буяны мөр хоёр замтай. Өглөг буяны (өөрийн мөнгөөр өргөл өргөх) цагаан зам бол бие хүний ухамсар гэж үздэг бол үүнийг бодь гөрөөс гэнэ. Өглөг буяны (бусдын мөнгөөр өргөл өргөх) улаан зам бол бие хүний ухамсраас үл хамааран татвар татах хүчирхийлэл гэж үздэг бөгөөд үүнийг цөөвөр чоно гэнэ. Перкинс бол цөөвөр чоно. Тэр бичихдээ, "Манайх шиг орон дэлхийн ядарч, зовсон улс үндэстнүүдэд туслах дорвитой алхам хийх ёстой" (х.48) гэсэн юм. Өөрөөр хэлбэл түүний эх орон (АНУ) шиг орны засгийн газар нь нийгмийн нэг ангийн мөнгийг дээрэмдэн нөгөө анги, тэр ч бүү хэл харь орны иргэнд өгөх ёстой гэсэн үг. Дэлхийн зовж шаналсан хүмүүст туслах хүмүүнлэгийн зорилготой гэж ам таглахад л тэдний санасан хэрэг бүтээд явчихна. Нийгмийн баялгийг дахин хуваарилахад хүч хэрэглэх арга нь социализм, коммунизм, нацизм, фашизм болоод чонон сүргийн бусад хэлбэрүүдийг цэцэглэн хөгжих үржил шимт хөрс болж өгдөг.

Тухайн хүн ямар ангид хамаарах ямар хүн бэ гэдгээс нь хамааруулан ялгавартай хандах нь цөөвөр чонын өөр нэг шинж тэмдэг бөгөөд энд өнөө л хүмүүнлэгийн зорилго гээч утаан хөшгөө давхар хэрэглэнэ. Энэ бол үндэс угсаа, гарал үүсэл, нас, хүйс, авъяас чадал, эрдэм боловсрол, орлогын түвшин зэрэг зүйлс дээр тулгуурлан зэрэглэл тогтоодог ялгаварлан гадуурхах хуулийн амин сүнсийг тогтоон баригч, үл үзэгдэгч гадас юм. Аль ч тохиолдолд, хэн нэг нь өөр нэгийгээ ангуучлах болно. Цөөвөр чоно тэгш бус байдлыг хуульчлан чөдөрлөснөө нийгмийн ололт хэмээн тунхаглаж хонин сүргийг мэхлэнэ.

Перкинс бол чонын сүргийг талархан дэмжигч нарын нэг мөн. Тэр байгаль орчинд ээлтэй, өргөн хэрэглээний эрчим хүчний үүсгүүр туршин нэвтрүүлэх Independent Power Systems пүүсийг 1982 онд үндэслэжээ. Энэ бол үнэхээрийн гайхалтай мэргэн санаа, гэвч энд нэг цоорхой байна, учир нь ийм байгууламжууд нь эдийн засгийн хувьд үхмэл. Гэхдээ Их Хурал дотор үүрлэсэн түүний журмын анчид нь эрчим хүчний шинэ эх үүсгүүр шинээр бүтээх нь нийгэмд ашигтай тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн жигүүр ургуулсан юм. Энэ бол хүмүүнлэг дэвүүр байлаа. Өөрөөр хэлбэл, уламжлалт сэтгэлгээгээр ундаалдаг өрсөлдөгчдөөсөө эдийн засаглалын давуу эрх мэдэл олж авна гэсэн үг. IPS энэхүү уургын төмөр олсыг цааш сунган илүү их олз олох урхи урлав. Перкинсийн үгээр, "Бид америкийн их хурлын ивгээл дор, өрсөлдөгчдөөсөө хол давуу бололцоо нээсэн татварын онгон дагшин бэлчээр рүү IPS пүүсийн нэрээр шурган орж цэнгэлийн дээдийг эдлэн мансуурцгаав." (хуудас. 164)

Энд ямар ч гэгээн үнэний анхилуун үнэр алга, гагцхүү ухаан санаа нь солиорсон хар тамхичин, хормойн дон шүгэлсэн янхан эмийн нялуун үгний эхүүн үнэр ханхалж байна. Төрийн нудрага зангидан өрсөлдөгчөө муужруулан унагаад шим шүүсийг нь сорж мансуурах нь тэдгээр хувалзнуудын амташсан арга мэх даруй мөн. Тэдний сахиусан дөнгө бол хүнлэг ёсыг хэлээрээ долоон гуаглах уран эгшгийн Бүүвэйн Дуу юм. Жорж Орвеллийн "Амьтны хүрээлэн" номондоо онож буудснаар, "Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтан илүү их тэгш эрхтэй".

Үнсгэлжин

Перкинсийн том загас барих ангийн хорхой нь алхам тутам тод мэдрэгдэнэ. Панамын Ерөнхийлөгч АМАР, Эквадорын Ерөнхийлөгч БАЯСГАЛАН хоёр түүний урхи болгон тавьсан улаан тэнгист өөрсдөө орж баригдсан юм. Тэр хоёр бол аж үйлдвэр, боловсрол, нийгмийн халамж, ажиллах хүч, харилцаа холбоо, тээвэр болоод нийгмийн амьдралын бусад бүхий л салбарт төрийн занга угласнаараа алдартай. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бүрэн устаж үгүй болсноор Фидел Кастро болон Зөвлөлт засаглал эргэн ирлээ. Перкинсийн бичснээр, 1980 оны шинэ жилийн баярын тэр нэгэн өдөр, ирэх жил миний амьдрал үндсээрээ өөрчлөгдөх болно, миний шүтээн бол Панамын ЭНХ, Эквадорын БАЯР мэтийн орчин үеийн баатар Үнсгэлжин бүсгүй байх болно гэж тэр өөртөө тангараглажээ. (хуудас. 145)

Бүхий л цөөврүүд, тэр дундаа Марксист урсгалын хэнээтнүүдийн нэгэн адил, Перкинс хөрөнгөт нийгмийг үзэн ядна. Тэр өөрийн үйлчилж байсан уулын өвгөнийг хөрөнгөт нийгмээс соёолон бүх дэлхийг нөмрөн ургасан зэрлэг ургамлын мушгирсан сүлжээ гэж тодорхойлсон юм. (хуудас. 170) Тэр өөрийн багш марксист сурган хүмүүжүүлэгчдийг илчлэн бичихдээ, хөрөнгөт нийгмийн үсрэнгүй хөгжил нь дундад зууны хамжлагт ёсыг зайлшгүй даллан дууддаг. (хуудас. 26) Би арилжааны сүм хийдэд шавилан суухдаа, нөөц баялаг хязгаарлагдмал болох тухай, жолоо нь алдуурсан морь мэт зогсолтгүй урагш тэмүүлэх хүний агуу их хүсэл, тачаал хийгээд боолын ёсны мөн чанар юу болох талаар өөрийн энэтхэг багштайгаа байнга шүүн хэлэлцдэг байснаа тодхон санаж байна гэжээ. Түүний багш номлохдоо, хөрөнгөт нийгмийн гол нууц увьдас бол удирдлагын шаталсан босоо гурвалжин уул, уулын бэлээр нь идэх хоолныхоо төлөө цаг наргүй бэлчин идээших сохор гуйлгачин боол зардасууд, харин уулын оройд нь хууль ёсыг чандлан сахиулж тэдний шим шүүсийг сорон мансуурах доголон төмөр дээрэмчин язгууртнууд мөн болой хэмээн айлджээ. (хуудас. 57)

Гэхдээ энэ төмөр гурвалжин уул бол хөрөнгөт тогтолцооны дүр зураг биш, харин чонон сүргийн үнэн нүүр царай гэдгийг Перкинсийн муур багш нь шавьдаа хэлээгүй орхигдуулсан байна. Уулын оргилд дээрэмчин үүрлэнэ гэдэг нь тэр этгээд заавал хөрөнгөтөн байна гэсэн үг бас биш. Өнөө цагийн хамгийн цатгалан муур бол улс төрчидтэй далдуур хор найруулж суудаг чонын сүрэг даруй мөн. Тэд өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр хөлжинө гэж хэзээ ч байхгүй, харин IPS нэрээр улс төрчидтэй наймаа хийсэн Перкинсийн жишгийг тэд баримтлана. Тэд чөлөөт өрсөлдөөнөөс ямагт айна. Тэд төрийн сүр хүчийг гайхуулсан аварга том пүүсүүд байгуулах замаар өрсөлдөгчдөө шахан зайлуулах хуулийн цоорхойг байнга эрэлхийлнэ. Перкинс яг л согтуу хүний нэгэн адил, хэлсэн үгийнхээ урхинд өөрөө бүдэрч ойчоод байна уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. Түүний үзэн ядаад байгаа хөрөнгөтний нийгэм нь үнэн хэрэгтээ бол үнэгүй бяслаг амласан бэлэнчлэх үзэлтэй чонон сүрэг юм шүү дээ.

Перкинсийн уулзсан улаантнууд бүгд сайн хүмүүс байгаа нь тун сэжигтэй. Ямар ч зүрх сэтгэлгүй, мөнгөний төлөө юу ч хийхээс үл буцах цагаантнуудтай харьцуулахад улаантнууд бол хүн төрөлхтөний тусын тулд зүрх сэтгэлээ зориулж буй баатарлаг тэмцэгч хүмүүс гэсэн санааг Перкинс өөрийн номоороо харуулахыг ихэд хичээжээ. Мао Цедун Хятадад коммунист дэглэм тогтооход, АНУ-ын төр засаг, хэвлэл мэдээллийн салбарт үүрлэсэн улаантнууд тэр бол коммунист биш, харин Хятадын ядарч, зүдэрсэн ард түмэнд туслахаар зүтгэж яваа хөдөө аж ахуйг шинэчлэгч эгэл жирийн хүн хэмээн итгүүлэхийг чармайцгаасан билээ. Тэд Фидел Кастрог төрийн эргэлт гаргахад нь тэр бол коммунист хүн биш, харин Кубийн ард түмний зовлон, зүдгүүрийг нимэглэхээр гарч ирсэн хөдөө аж ахуйг шинэчлэгч хүн мөн хэмээн ухуулцгаасан юм. Яг ийм хонхны уран эгшиг Перкинсийн номоос уянгалан эгшиглэхийг бид одоо харах болно. Тэр өөрийн найруулан тавьсан бохир заваан жүжгээ үзэсгэлэн гоо бүсгүй болгон харагдуулахын тулд БААБАР нэртэй Колумба эмэгтэйг халхавч болгон ашигласан юм:
Тэр нэгэн өдөр, цайны газар хамт сууж байхдаа Баабар надад хандан, би чамд чин үнэнийг нуулгүй хэлье, чиний ажлаа эхлүүлээд буй голын хөвөөгөөр аж төрөн суугаа индианууд болон нутгийн тариачид бүгдээрээ чамайг үзэн яддаг. Тэр ч бүү хэл, хот суурин газар амьдардаг хаа хамаагүй хүмүүс партизануудын эгнээнд элсэн орж танай босгож буй барилга байгууламж руу довтолдог. Танай засгийн газар эдгээр хүмүүсийг улаантнууд, алуурчид, хар тамхины наймаачид гэж цоллодог, харин үнэн хэрэг дээрээ тэдгээр хүмүүс бол танай компанийн эвдэн сүйтгэж буй тэр газар нутаг дээр өрх гэрийнхээ гал голомтыг хадгалж үлдэхийн төлөө тэмцэж буй жирийн ядуу иргэд мөн. (хуудас. 124)

Тэдгээр партизануудын зарим нь Орос, Хятадад бэлтгэгдсэн мэргэжлийн алуурчин гэдгийг би мэднэ. Тэдэнд өөр ямар сонголт байна? Тэд орчин үеийн зэвсэг эзэмшин танай сургуулиар бэлтгэгдэн гарсан цэргүүдтэй тулалдах шаардлага байсаар байна. Зарим үед тэд мөнгөнийхөө хэрэгцээг хангахын тулд хар тамхи зардаг нь үнэн. Өөрөөр тэд яаж зэвсэг худалдаж авах юм? (хуудас. 126)

Иймэрхүү хоосон чалчигчдын хуурамч багийг хуу татан хаяхын тулд олон улсын харилцаагаар мэргэшсэн айхтар сүрхий шинжээч байх шаардлагагүй. Тоглоомын дүрмийг нь нээгээд өгвөл улаантнуудын хэн болохыг ямар ч хүн түвэггүй олоод харж чадна. Эхний дүрэм: оршин буй тогтолцоо дотор шудрага бус явдал хаа байгааг олж нээх. Хоёрдахь дүрэм: мөлчигчийг үзэн ядаж, мөлжүүлэгчийг өрөвдөх нийгмийн сэтгэлзүйн засал хийх. Гуравдахь дүрэм: нийтийн эрх ашгийг дээдэлсэн шудрага хууль тогтоомж батлан гаргах замаар хуучин тогтолцоог хөмрөн хаяж шинэ тогтолцоо руу шилжин орох нь зайлшгүй чухал болохыг олон түмэнд итгүүлэхээр чармайх.

Тэр шинэ тогтолцоо нь юу байж болох вэ? Анхандаа үүнийг социализм юмуу коммунизм гэж тодорхойлж байлаа. Харин өнөө цагт үүнийгээ АРДчиЛАЛ гэсэн илүү зусарч үгээр орлуулах болжээ. Эдгээр хоосон үгэнд хууртах хэрэггүй. Аль ч тохиолдолд, санал болгож буй шинэчлэл нь нийтийн тусын тулд гэсэн цаасан малгай дор төрийн сүр хүчийг улам хүчтэй өөгшүүлэх явдал. Эд бүгдээрээ марксизмын олон салаа мөчрүүд бөгөөд тэдгээрийг таних ДНХ бол эвт шаазгай буга барих хоосон үлгэр юм.

Төрийн төмөр сүлдийг тэнгэрт нисгэхээр улайран хөөцөлдсөн Марксист, Ленинистүүдийн эрээ цээрээ алдсан ичгүүр, сонжуургүй алхамууд нь төрийн сүр хүчний цаана нуугдан томоохон олз ашиг олж авах гэсэн хашир анчны урхи байсан юм. Шуудхан дайруулаад хэлбэл, тэдгээр чононууд бол өд сөд нь ургаж гүйцээд үүрээ орхин тэнгэрт ниссэн өлөн хар бүргэд, гав гинжээ тас татан газрын гаваар гулсан орсон галт улаан могой, энэ бүхнийг эвлүүлэн зангидаж эрх чөлөөг хаан барьсан эрлэгийн элч хэрээстэн мөн.

Перкинсийн ном нь марксист сургуульд номолдог хувьсгалт шийдлийг агуулаагүй гэдгээрээ томоохон эргэлт авч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийн аялдан дагалдагч улаан загалмайтнуудад хандан, бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар оршин буй бурангуй тогтолцоог халах нь төрт ёсыг бэхжүүлэх хамгийн энэрэнгүй үзэл мөн гэж Перкинс үзсэнтэй санал нэгдэж байна, гэхдээ тэр энэрэнгүй төр гэдэг нь юу вэ гэдэг дээр миний эргэлзээ төрж байна.

Түүний мэрэг төлгөнд буусан, төрийн хүрдийг дотроос нь ариусгах замаар бэхжүүлэх ёстой гэсэн энэ ёгт санаа цаагуураа нэг л сэжигтэй. Эх хүн үрээ хайрлах нь үрийнхээ төлөө биш харин өөрийнхөө төлөө хийж буй алхам мөн гэнэ. Ямар ч байсан, тэр бол марксист, ленинист шүтлэгтэй улаантан гэдэг нь тодорхой, гэхдээ тэр хэн ч байлаа гэсэн өөрийнх нь нотолж байгаагаар тэр бол ухаан санаа нь бузартан, хий хоосон дугуй духаараа мөргөн хонин сүргийг үймүүлэгч эргүү төлөг яах аргагүй мөн, түүнээс болгоомжлогтун. Тэр чулуу хөөлгөж байна.

Мөнх Ногоон Гацуур

Уулын өвгөнд үйлчилж байснаа ухааран түүнийг илчлэх нь өөрийн ариун үүрэг хэмээн үзсэн Перкинсийн бодь сэтгэл үнэхээр уужим. Үүнийг хүн зөвхөн өөр дотроосоо нээх боломжтой. Харин өөр хүн, жишээлбэл юмыг гаднаас нь харж дүгнэдэг сэтгүүлч, шүүмжлэгч, эсвэл судлаач иймэрхүү зүйл бичвэл хүмүүс огт итгэхгүй. Тэрээр мөнгө цагаан, нүд улаан гэдгийг маш тодорхой хэлсэн нь:

Би өмнөө хоёр зорилго тавиад ажиллаж байсан. Нэгдүгээрт, элдэв бүтээн байгуулалтын томоохон төсөл уралдуулан олон улсын санхүүгийн байгууллагуудын бохир мөнгө угааж, цэвэршүүлсэн мөнгөө MAIN (Перкинсийн ажиллаж байсан пүүс) болон Америкийн бусад (Bechtel, Halliburton, Stone & Webster, болон Brown & Roo гэх мэт) пүүсүүд рүү илгээх. Хоёрдугаарт, эдгээр зээл авсан улс орнуудыг бүрэн дампууруулах өрийн дарамтаар ташуурдан эрхшээлдээ бүрэн оруулж номхотгох, ингэснээр цэргийн бааз байгуулах, НҮБ-ийн санал худалдан авах, газрын тос болоод байгалийн бусад нөөц баялагийг нь тонох зэргээр тэднийг байнга тонших хон хэрээний хошуу урлах (хуудас. 15)

Өөрсдийнхөө хувийн жаргалын төлөө, эх орноо харийн түрэмгийлэгчдэд худалдан хоолоо олж иддэг цөөн тооны бүлэг хуйвалдагч, урвагчид энэ бүх төслийн цаана үүрлэсэн байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэдний хувьд, хэдийчинээ их зээл авна, төдийчинээ их ашигтай. Улс орны нь хөгжил цэцэглэлт хэдэн арван жилээр хойш татагдаж, нийгэм бүхэлдээ ядуурах нь тэдэнд огтхон ч хамаагүй. (хуудас. 15, 16)

Бүх дэлхийг нөмөрсөн энэ их гай гамшигийн дэргэд Ромын дарангуйлагчид, Испанийн цаазлагчид, эсвэл арван найм, есдүгээр зууны үеийн Европын түрэмгийлэгчид бол юу ч биш. Бид, цөөврүүд бол түүхээс байнга суралцдаг, бүтээлч хүмүүс. Өнөөдөр бид гартаа илд барьдаггүй, гаднаасаа бусдаас онцгойрч ялгардаггүй. Эквадор, Нигер, Индонез зэрэг орнуудад бид яг л нутгийн багш юмуу лангуу түрээслэгч мэт хувцаслана. Вашингтон, Парист бол төр захиргааны хүнд сурталтан, мөнгө хүүлэгч нар мэт хувцаслана. Бидний гадаад төрх бусдаас огт ялгарахгүй. Бид төслийнхөө шугамаар хоосорч ядуурсан хөдөө тосгодоор хэрэн тэнэж, өөрсдийн бүтээж буй хүмүүнлэгийн гайхамшигтай төслүүдийн талаар хоосон яриа өдүүлнэ. Бид өөрийн тоон үзүүлэлтээр дүүргэсэн хий хоосон хүснэгт, санхүүгийн хуурамч төлөвлөгөөгөөр засгийн газрын хурал, зөвлөгөөнүүдийг тасралтгүй бөмбөгдөж, тэр ч бүү хэл Гарвардын Их Сургууль дээр макро эдийн засгийн гайхамшгийн талаар гайхалтай сайхан үлгэр зохиож ярьдаг. Бид хүмүүсийн яг нүдэн дээр нь худлаа ярьж, хулгай хийдэг. Харин хүмүүс бидний ажлыг шагшин гайхна. Энэ бол бодит үнэн. Манай тогтолцоо үндсээрээ буруу хэрнээ хууль зүйн хувьд ямар ч буруугүй байдаг тул бидний ажилд ямар ч хүндрэл гардаггүй.

Гэхдээ бид эзэнт гүрний сурвалжит язгууртнууд, цөөвөр чоно бидний нэрлэдгээр шөнийн ангуучдын өмнө бид маш том хариуцлага хүлээдэг. Тэдгээр ангуучид ямагт харанхуй хонгилд отолт хийж амьдрана. Тэднийг ил гарч ирэхэд төрийн эргэлт гарах юмуу эсвэл гэмгүй ослоор төрийн толгой өнхрөн унаж үхдэг. Хэрэв ангуучид өөрсдөө нүхэнд унавал, жишээ нь Афган, Иракт бүдэрлээ гэхэд тэд эртний шалгарсан хуучин мэхээ хэрэглэнэ. Ангуучид өөрийн унасан нүхэндээ олон мянган америк залуусыг өргөл болгон илгээж үхэл дуудна. (хуудас. xx, xxi)

Энэ номыг хүн бүхэн унших ёстой гэж би яагаад хэлэх болсныг та сая харлаа. Тэр улаантны зулбасга гэдэг нь тодорхой хэдий ч түүний хэлсэн үгэнд үнэний ор бий гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэр үнэний хойноос явсан баатар эр. Зөвхөн дотор нь байгаа хүн мэдэх боломжтой тийм үйл явдлын өрнөл, нэр ус, он сарыг тэр дэлгэж тавьжээ. Тэрбээр НАМ бол огт оргүйг сорон мансуурах БАР мөн гэж хэлсэн юм. Хоосон амлалтаар угжих Үнэгүй Бяслаг буюу Гэнэтийн Бэлэг. Чоно бол ижил тэнгэртэйд бус илүү тэнгэртэйд харагддаг хийморьлог цогтой амьтан гэдэг үнэн ажээ.

Улаантаны талаар мэдлэг нимгэн хүн энэ номыг уншаад төөрөгдөлд орж болох талтай гэдгээрээ тун осолтой. Уулын өвгөн, түүний эсрэг сөрөн зогссон дайчин тэмцэгчид бол зогсолтгүй урсах аж үйлдвэрийн түрлэгээс унаган байгалиа авран хамгаалахын төлөө үхэл амьдралаараа дэнчин тавин зүтгэж буй баатар эрс мөн гэсэн өнгөц дүгнэлт хийх хандлага түгээмэл ажиглагдана. Гэхдээ энэ бол нэг зоосны хоёр тал гэдгийг уншигч авхай анзаарахгүй орхиж мэднэ. Ухвар мөчид хүмүүс зөвхөн нэг тал дээр анхаарлаа төвлөрүүлдэг: Аль тал нь илүү бохир заваан бэ? Хэрэв цагаантнуудыг арчиж хаявал таарна гэж үздэг бол тэр хүн улаантнуудад элэгтэй хандана. Хэрэв улаантнуудыг арчиж хаявал таарна гэж үздэг бол тэр хүн цагаантнуудад элэгтэй хандана. Харин цөөврүүд аль ч тохиолдолд ялна.

Унаган байгалиа авран хамгаалахын төлөө тэмцэж буй эгэл жирийн ард иргэдийг тахин шүтэгч сохор хүмүүс СОР, СОР, бас дахин СОР гэсэн шуналын уриа дуудлаганд өөрсдөө уургалуулан баригдаж эдгээр бохир заваан, худалч, хуурамч олон улсын дээрэмчдийн тарьсан идээ бээрийг илааршуулан цэвэршүүлэх нэрийн дор төрийн сүр хүчийг улам өндөр өргөж далавчин доор нь нуугдах гэсэн танхай балмад архичдын гүнзгий ухсан хорт булшинд унаж үхэх аюултай. Тэдний тарьсан балаг үүгээр зогсохгүй, таны ирээдүй рүү хурц хумсаа шигтгэсээр байна.

Чухам иймийн учир, тэдний ёс зүйн уг үндсийг уудлан харуулах алтан хайрцагны тагийг нээхээр өгүүллийнхээ эхэнд шамдсан юм. Хэрэв бид уулын өвгөн улаан лууван шиг биш, харин цасан ширхэг мэт цагаан хэмээн зүтгүүлсээр байгаа зохиогчийн уран нарийн цаасан шувууг онож буудаж чадваас, түүний бүтээл нь манай үеийг эзэрхэн захирагч нууц хаантны эрдэнэсийн санд нэвтрэх шидэт түлхүүр болох болно.

Залруулга: Эр хүн Долоо дордож Найм сэхнэ. Үүнийг SHARE хийж цааш нь түгээгээрэй хэмээн Даваад /Саран/ уламжлаарай.
Ёсолсон Лосол /Гэгээн оюун сэргэлэн/.

Красная рута

Ты признайся мне,
Откуда у тебя те чары
Я без тебя все дни
В плену печали
Может где-то в лесах
Ты чар-зелье искала
Солнце-Руту нашла
И она меня очаровала?

Красную руту не ищи вечерами
Ты у меня единственная,
только ты, поверь,
Ведь твоя красота
Словно чистая вода
Словно быстрая вода
с синих гор

Вижу я тебя в снах,
В дубравах зеленых
По забытым тропам
Ты приходишь ко мне
И не надо нести
Мне цветок надежды
Ведь давно уже ты
Вошла в мои мечты

Красную руту не ищи вечерами
Ты у меня единственная,
только ты, поверь,
Ведь твоя красота
Словно чистая вода
Словно быстрая вода
с синих гор

Это быстрая вода синих гор
Это быстрая вода синих гор
Это быстрая вода синих гор

Англи хэлнээс хөрвүүлсэн Б. Эрдэнэбат. 2005 оны 3 сарын 8 өдөр.
Орос ардын үлгэрээс сэдэвлэн Украйн ардын домгоор зохиомжлон найруулж монгол зүйрлэлээр чимэглэв.