Халдлага, ослын тухай "ҮлГэр". Иймэрхүү бор шувуу нисгэж чулуу хөөлгөх хэнд ашигтай вэ?
Сүүлийн саруудад манай үгсийн санд нэгэн шинэ үг хүч түрэн орж ирлээ. Энэ үг бол халдлага. Украин бол халдлага тэсрэлтэнд дөжирсөн Орос орон огт биш. Гэхдээ түүгээр өнгөрсөн гайг үүгээр даллав гэмээр ёр нүүрлэн түгшүүрийн харанга дэлдэж буй нь гол гонсойлгоно.
Их хурлыг тараах ерөнхийлөгчийн Зарлиг гарсан биш хууль эрхзүйн тооно болох Үндсэн хуулийн цэц маань хаяагаа манаж чадахгүйд хүрэв. Үүдээр бус тооноор шургалсан эзэн биегүй холын гийчин элдэв гамшгийн тухай цуурхалаар тулга тойрсон хэрүүлийн гал өрдөж үл гэрлэхүйн үр цацаад үүр шөнийн заагаар ор мөргүй голорчээ.
Эхлээд чиглүүлэгчийг нь зориуд эвдснээс болж галт тэрэг замаасаа гарч дараа нь хий дамжуулагч дэлбэрэв. Хожим нь төмөр замын уулзвар дээр үл мэдэгдэх этгээд солонго татуулсан мөрөө үлдээгээд явжээ гэсэн цуурхлыг олны дунд түгээн дэлгэрүүллээ. Харин өнгөрсөн долоо хоногт Запорожийн атомын цахилгаан станц дэлбэрч цацраг туяа тархаж гэнэ гэсэн цуурхалаар олны сонорыг "мялаав"!
Улс орны тогтворгүй байдлыг дэвэргэн тартагт нь тулгаж нугаслахаар энэ бүх халдлагыг зориуд санаатайгаар зохион байгуулж байгаагаас зайлахгүй хэмээн засгийн газрын хэд хэдэн гишүүн яаран сандран мэдэгдэцгээв. ТЕГ болон Ерөнхий Прокуратурын төлөөлөгчид ийнхүү буруутгаж байгааг нь тас үгүйсгэсээр байтал шүү дээ.
Гэхдээ парламентын тэргүүн болон эвслийн зарим депутатуудын үзэж байгаачлан хүчнийхний байр суурийг гайхаад байх зүйлгүй ажээ. Өдгөө ТЕГ нь ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх "халаасны албыг" илүүтэй санагдуулж байгааг хэлэх үү. Тиймээс, яг одоо сөрөг хүчний удирдагчдын амь насанд халдахаар бэлтгэж байгаа талаар мэдэгдэл гаргах маягаар олны сэтгэлийг урхидах "мансууруулагч хор" найруулж буй Ющенкогийн тойрон хүрээлэгчид тийм ч чухал биш.
Энэхүү "ҮлГэрийн" цаад эзэн хэн болох талаар хэд хэдэн фракцын гишүүдийн санаа бодлыг тандахаар бид шийдсэн юм. Хүний гараар могой бариулах нь улс төрчдийн хэнд нь илүү ашигтай вэ? Иймэрхүү "олныг оволзуулах олгой хорхой" домог амилахын хор хөнөөл юу вэ?
Бүс нутгийн Намын фракцийн Михаил Чечетовын үзэж байгаагаар, халдлагын тухай "ҮлГэр" боловсруулж дүрсгүйтэх тусгай бүлэг Ющенкогийн тамгын газарт байдаг аж:
- Миний найдвартай эх сурвалжаас авсан мэдээллээр Украйнд ямар ч осол болон халдлага болоогүй. Харин Запорожийн АЦС дээр гарсан тэсрэлтийн тухай мэдээлэл бол Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч Гелетейн хийсэн мэдэгдэлтэй агаар нэг зүйл. Сөрөг хүчний удирдагчдын амь насанд халдах бэлтгэл хийгдэж буй талаар тэр мэдээлснийг сануулъя. Ерөнхийлөгчөөс онц байдал тогтоон, СНБО-оос Януковичийн засгийн газрыг чөдөрлөх хууль бус шийдвэр гаргахад ийм мэдээлэл хэрэгтэй. Мэдээж хэрэг, ийм шийдвэр нь хуулийн талаасаа ямар ч өө сэвгүй! Халдлага, ослын тухай цуурхал бэлтгэн олны дунд түгээн дэлгэрүүлэх замаар ямар ч хараа хяналтгүй задгай талбар дээр тоглож гаршсан тодорхой бүлэг хүмүүс Ерөнхийлөгчийн Тамгын Газарт үүрлэсэн гэдэгт би эргэлздэггүй. Тэдэнд ямар ч ёс жудаг байхгүй. Тэр тусмаа тэд бол Үндсэн Хуулийг уландаа гишгэгчид. Үүний учир шалтгаан нь тэд хувийн эрх ашгаа бүхний дээр тавьдагтай нь холбоотой, хэрвээ улс төрийн шинэчлэлийн хоёр дахь давалгаа эхэлбэл, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн Тамгын Газар өнөөгийн хэлбэрээрээ оршихоо боливол энэ бүх явуулга түүх болон үлдэнэ. Гэвч тэд өнөөдөр эрх мэдлээ алдахаас айхдаа засаглалын уг үндсээс шүд, хумсаараа тас зуурчихаад иймэрхүү хэт даварсан шинжтэй цуурхлыг нийгмийн дунд тарааж байна. Үүгээрээ тэд хооллох, бас удирдагчдынхаа чансааг ахиулахыг чармайж байна.
Нийгэмд айдас, тогтворгүй байдал үүсэх нь ашигтайтайгаар эргэж тусах хүч нь БЮТ мөн хэмээн КПУ фракцийн Петр Цыбенко зүггүйтлээ:
- Шуурхай мэдээллээр ангасан говь цөлийн нөхцөлд осол, халдлагын тухай иймэрхүү цуурхал дэгддэг. Тиймээс хүмүүс иймэрхүү цуурхал сонсмогцоо нэн даруй оюун толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ цаг ууртай холбоотойгоор агаар дахь цацрагийн хэмжээ нэмэгдсний улмаас хүмүүсийн сэтгэл санаа гэгэлзсэн байх талтай гэдгийг үгүйсгэхгүй. Нар огцом идэвхижиж, улмаар байгалийн цацраг туйлшран оюурч байж мэднэ. Харин хүмүүс үүнийг Запорожийн АЦС дээр тэсрэлт гарснаас үүдэлтэй гэж бодоод байх шиг байна. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ямар ч осол гараагүй гэж мэдээлсээр байтал хүмүүс цуурхалд итгэсэн хэвээр л байх юм. Улс орны нөхцөл байдал туйлын төвөгтэй байгаа сиймхийг далимдуулан халдлага, ослын тухай мэдээллээр давхар олз ашиг олохыг санаархсан тодорхой хүчин идэвхижин толгойгоо өндийлгөж эхэлснийг энэ бүхнээс анзаарч болно. Тодорхой улс төрийн хүчин, шулуухан хэлэхэд БЮТ улс орны зоригийг хөнөөж зүрхийг үхүүлэх далд санаагаа нэг бус удаа дэлгэж гуулиа цухуйлгасан гэдэгт би итгэдэг. Осол гамшгууд хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг оюун толгойгоор хооронд нь холбохоор хичээж байна. Хамгийн энгийн мөрдөн байцах ажиллагаа хүртэл хэнд ашигтай вэ гэдгээс ажлаа эхэлдэг. Хэрвээ өөрсөд нь ашигтай гэдгийг БЮТ шулуухан зарлаж байгаа бол бүх ослын учир шалтгааны холбоосыг иргэд тайлах буйзаа.
Хүмүүсийг Януковичийн засгийн газрын эсрэг турхирахын тулд ослын тухай "Оюу Толгой" мөрөөдлийн бүтэлгүй дуурийг Ющенко, Тимошенко болон Луценко нар хоршин дуулсан гэдэгт БЮТ фракцийн гишүүн асан Александр Ковтуненко итгэлтэй байна.
- Украйн бол хэт техникжсэн орон. Аж үйлдвэр, цөмийн хүчирхэг боломж бидэнд бий. Ерөнхийлөгч маань Тимошенко болон Луценкотой хамтран үнэн чанартаа төр улсаа булгиулж байгаагийн улмаас манай орныг нөмөрсөн айхтар сүйрэл учрах нь холгүй байж мэднэ. Гэхдээ АЦС дээрхи осол болон халдлагын тухай мэдээлэл бол цуурхал төдий зүйл гэж би үзэхгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас авахуулаад Чернобылийн АЦС дээр гарсан осол хүртэл үй олон гамшгийг ард олон маань туулсан учраас ямар нэгэн аюул нүүрлээд байгааг мах цусаараа мэдрээд байгаа хэрэг. Украйнчууд эв найртай ард түмэн хэрнээ улс төрийн тогтворгүй байдал үүсмэгц шинэ сүйрэл хайгаад давхичихдаг гэмтэй. Толгой нь олгой болсон ийм уур амьсгал зонхилж байхад элдэв ослын тухай ямар ч цуурхлыг хялбархан дэгдээж болно. Гэвч бурхны авралаар Украйнд ямар ч гай тохиосонгүй. Гэхдээ ийм цуурхал нь манай төр эргүүлэгчид, өөрөөр хэлбэл Ющенко, Тимошенко болон Луценко нарт ашигтай гэдэгт би итгэлтэй байна. Украйн орон европын хүчирхэг орон болох нь тэдэнд ашиггүй юм чинь. Европын шилдэг орон болоход шаардлагатай бүхэн нь байгааг олж хараад, улс орноо хэрхэн хөгжүүлэхээ сайн мэддэг мэргэжлийн засгийн газар дөнгөж байгуулагдмагц түүний хүчийг нь сулруулахаар зүтгэж байна. Хүмүүсийг засгийн газрын эсрэг турхирахын тулд ослын тухай домог зохиож байна. Тэдний гол зорилго бол тогтворгүй байдлыг гүнзгийрүүлэх явдал. Угаасаа Ющенко, Тимошенко болон Луценко нарын хийдэг ажил нь энэ.
Сөрөг хүчнийхний аминд халдахаар бэлтгэж буй талаархи мэдэгдэл нь солиорлын илрэлээс цаашгүй хэмээн СПУ фракцийн депутат Виталий Шибко шар маажив:
- Миний бодлоор, нийгэм маань бүхэлдээ толгойгоо гээжээ. Улс төрийн амьдрал манарсан үед осол, халдлагын тухай элдэв төрлийн домог, цуурхал болон явуулга дэгддэг. Харамсалтай нь зарим нэгэн улс төрийн хүчин үүгээр далимдуулан ахиухан шиг улс төрийн хожоо гарган сонгогчдын санал түүхийг чармайж байна. Тогтворгүй байдлаас нийгмээрээ залхсан бөгөөд өвчин бүхэлдээ хавтгайрсан нөхцөлд иймэрхүү мэдэгдлийг уухиалан дэмжих үндэс бүрэн бий тул иймэрхүү үлгэр амилах бүрэн боломжтой. Гэхдээ ард түмэн маань алт, гууль хоёрыг ялгах чадвартай ухаалаг хүмүүс хэмээн найдаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ажилтан Гелетеин хийсэн мэдэгдэл нь наад захын шүүмжлэл даахгүй байгааг бүгд л ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл сөрөг хүчний удирдагчдын амь насанд халдахаар бэлтгэж байгаа талаархи түүний хийсэн мэдэгдэл бол солиорлоор халхавчлан улс орныг тамтагт нь тултал бусниулах гэсэн далд явуулгаас өөр юм огтхон ч биш.
P.S. Алтны дэргэдэх гууль шарлана гэж үг бий: Бүх домог, хоосон сүрдүүлэг нь бүхэлдээ Украйны имижэд сөргөөр нөлөөлж байна. Халдлага, довтолгоо болон осол гамшгийн тухай бүхий л "ҮлГэр" нь олон нийтийн дунд гутрал цөхрөл, маргаашдаа үл итгэх үзлийн үрийг суулгаж байгаа нь таагүй. Иймэрхүү улайм цайм бохир пиар технологи ашиглан ээлжит бус сонгууль дээр сонгогчдын саналыг татах хэлбэрээр улс төрийн ноогдол ашиг олно гэдэг юу л бол. "Хонин дунд хуц" байдгийг ард түмэн маань ойлгоосой.
"Сохор номин" зохиолчдын сараачсан иймэрхүү болхи жүжгийн зохиол нь яг амьдрал дээр буугаад ирэхээрээ Украйнд ирэх гадаадын жуулчдыг үргээх аюул дагуулдаг нь тоогүй. Энэ бүх "бор шувуу" нисгэн "чулуу хөөлгөгч" нь зөөлнөөр хэлэхэд бусад орны хорон санаат өрсөлдөгчид байхыг хэн мэдлээ. Хэрэв энэ таамаглал үнэн бол, ийм домгийг шүүрэн авч аймшигт "Олгой Хорхой" домог бүтээхээр хорхойсч буй манай зарим нэгэн улс төрчид бол хувиа бодож довоо шарлуулсан өчүүхэн дотортой өтнүүд юмдаа. Үүнийг хөөлгөх хэрэггүй гэж танд санагдахгүй байна уу?
Орос хэлнээс хөрвүүлсэн Б. Эрдэнэбат, 2007 оны 5 сарын 28.