Оросын улс төрийн соёл. Гандирсын Өргөө

in #social7 years ago (edited)

Владислав Сурков

Гандирсын өргөө юунд хэрэгтэй гэж? Орд өргөө байгуулахын ашиг нь хаа байна? Гандирсын зэрэглээ гэдэг нь байхгүй, эсвэл огт боломжгүй зүйл бус, харин одоогоор байхгүй боловч бий болгохоор зорьж буй зүйл болохыг энд зориуд тодруулъя. Америкийн албаны нэг бичиг баримт дээр ийм нэгэн уриа бий: зорилго маань мөрөөдлийн аястай, арга маань бодит тулгууртай. Минийхээр, чухамдаа хүсэл, хяслын зааг, өөрөөр хэлбэл байгаа ба байхгүй, бодит ба мөрөөдлийн хоорондох торгон ирмэг нь соёл ба соёл иргэншлийг урагш хөтлөх хүмүүний аугаа их хүчний ширгэшгүй эх ундрага болдог бөлгөө.

Соёлын талаар махчлан ойлгох нь түүнийг цагийн эрхээр хуримтлагдсан мэдээ, ахуйн эд зүйлс болон урлагын бүтээлүүд мэтээр үзэхэд хүргэнэ. Өнгөрснөөс өвлөгдөн ирсэн өв, уламжлал маягтай. Үнэн чанартаа, соёл нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг бүхэлд нь хамарна. Ирээдүйг яг л өнгөрсөн шиг толидон харж болно. Кино ба утга зохиол, гүн ухаан ба шашин шүтлэг, эдийн засаг ба байгаль зүй нь ирээдүйг тандсан зөн билгийн санаагаар элбэг дүүрэн. Тэгэхдээ яагаад ч юм бид ирээдүйн талаар өнгөрснөөс бага мэднэ хэмээн ойлгож заншжээ.

Иймэрхүү эргэлзээтэй гэмээр байр сууринаас болоод өнгөрсөн үеийн туршлагыг одоо цагийн үйл ажиллагаандаа авч хэрэглэхээр муйхарлан зүтгэцгээнэ. Жанжид ямагт өнгөрсөн тулаанд бэлддэг хэмээн нэгэн ухаантан айлджээ. Хэн нэгэн жанжныг гомдоохгүйн тулд бид бүгдээрээ л өнгөрнөөс өнөөдрөө олж хардаг болохоо хүлээцгээе. Эцсийн шийдвэр гаргахдаа ирээдүйн өөрчлөлтийг нь огтхон ч харгалзан үздэггүй. Тиймдээ ч бид дороо цовхчдог, нөгөө л газрын тос, нөгөө л хий, нөгөө л төмөр. Тиймдээ ч бид нэг бол Америкийг, нэг бол 89 оныхоо амьжиргааг, эсвэл Португалийг ч юмуу гүйцэж түрүүлнэ гэж зүтгэдэг. Өөрийн болоод өрөөлийн өнгөрсөнтэйгээ зууралдана. Хэрвээ бидний хүсэл мөрөөдлийн туйл нь зөвлөлт маягийн цалин, эсвэл евро засвар бол бид үнэхээрийн азгүй хүмүүс байж таарна.

Төлөвлөгөө маань илүү сонирхолтой, агуу, бодитой байхын тулд шинэ арга хэрэгтэй. Өнөөгийн улс төрд өнгөрснөөс ирээдүй нь илүү давамгайлдаг байх ёстой. Өнөөгийн байдалдаа онош тавьж засал хийхдээ ирээдүйн байр сууринаас хандах шаардлагатай. Асуудлыг ингэж ирээдүйн өндөрлөгөөс тавьж, үнэлэх аргачлалаа "үүлэн зардсын дуулал" хэмээн нэрлэе.

Ямар ирээдүйг бид хүснэ? (сүүлийн арван жилд олны дунд түгсэн ирээдүй судлалын брендүүд дотор "аж үйлдвэржилтийн дараах нийгэм", "түүхийн төгсгөл", "гуравдугаар дайны соёл иргэншил", "хавтгай дэлхий" гээд оросоос гаралтай нэг ч үг байхгүй байгаа нь харамсмаар). Хэзээ нэгэн цагт Пушкины "ард түмнүүд гомдлоо мартан нэгэн гэр бүлд нэгдэнэ" гэж хэлсэнчлэн, шударга хуулийн дор цэцэглэн хөгжсөн, бүрэн эрхэт ардчлалын далайд умбасан дайн дажингүй амар амгалан дэлхий хүн бүрийн сэтгэлд нийцэх нь лавтай. Зарим туйлшрагчдын үзсэнээр, ард түмэн үгүй болж зөвхөн үндэстэн үлдэнэ гэх нь ч бий. Цорын ганц даяаршил. Магадгүй, тэдний зөв ч байж мэднэ, гэхдээ би хувьдаа орос оронгүй ирээдүйг төдийлөн таашаахгүй. Орос оронгүй ирээдүйн талаар ярихын ч хэрэггүй. Харин үүнийхээ оронд эрх чөлөөт үндэстнүүдийн харилцан итгэлцлийн зөвшилцөлд суурилсан даяар холбооны талаар мөрөөдөцгөөе.

Ийм холбооны бүх гишүүд тэгш эрхтэй бөгөөд энэ нь соёл, эдийн засгийн хувьд бүгд адилхан гэсэн үг биш. Мөрөөдлийн холбооны нэг гишүүнийнхээ хувьд Орос орон бүсийн хандивлагч, манлайлагч үндэстэн, оюуны үйл ажиллагааны нэг том төв байгаасай хэмээн хүснэ. Ингээд та бүхэнд нэг асуулт тавъя. Гуравдахь давалгаа гэгч соёл иргэншлийн бүсэд бид багтах уу, эсвэл аж үйлдвэрээ бараадан, галав юүлтэл нефттэйгээ зууралдаж суух уу? Улс төр, ахуйдаа ёс зүйгээ зөөллөхөөр шургуу ажиллах уу, эсвэл мөр зэрэгцэн алхсан нь дээр үү?

Хэрвээ хүсвэл ирээдүйн өндөрлөгөөс өөрсдийгөө нэг тольдоё. Оюуны үйлчилгээ давамгайлсан үндэсний эдийн засгийн зүгээс. Цэцэглэн хөгжсөн бүрэн эрхэт ардчлалын зүгээс.

Юу харагдана? Нефтийн хоолойноос ургасан хүнд суртлын саглагар модны салаа мөчрүүд. Хувийн ч бай, хувьсгалын ч бай, манай нийгэм дэхь удирдах түвшний хүмүүс дунд Гуравдахь давалгаанд хөл нийлүүлэн алхах хүмүүс тун ховор харагдана. Түүхий эд мэдлэгээс илүү үнэлэгдэнэ. Соёл, боловсрол нь эдийн засаг, улс төрийн үндэс болж хараахан төлөвшөөгүй. "Нийгмийн халамжийн үйлчилгээ" нь түүхийн эдийн цогцолборын дагуул маягтай. Улс төр, эдийн засаг, цэргийн давуу тал гэдэг нь тус, тусдаа оршдоггүй болохыг ойлгосон шинжгүй. Эдгээр нь ямагт соёлын үр дагавар байдаг.

Дэлхийн аж ахуйг нэгэн аварга том үйлдвэр хэмээн төсөөлцгөөе. Энэ үйлдвэрт гол төлөв мэргэжил боловсрол багатай ажилчид тоос, шороон дунд борви бохисхийх завгүй ажиллах анхан шатын боловсруулалтын цех байна. Бас цагаан нөмрөг өмсөн бэлэн бүтээгдэхүүн угсрах мэргэжилтэй ажилчдын ажиллах угсралтын цех байна. Мөн дээд боловсролтой мэргэжилтнүүд ажиллах нягтлан бодох алба, инженерийн хэлтэс гэж байна. Бас захиргаа, удирдлага бий. Тэнд хамгийн ухаантнууд хуралдана.

Олон улсын энэ үйлдвэрт бидний орон зай хаана байна? Шинэ технологи, санхүүгийн чанартай үйлчилгээ, үр ашигтай удирдлага, дэгжин хувцас хайхаар манай оронд ирнэ хэмээн хэн нэгний толгойд буух нь юу л бол. Харин газрын тос, байгалийн хий, цагаалсан мод худалдан авахаар манай орныг зорих нь тодорхой. Дэлхийн хөдөлмөрийн хуваарьт бид инженерүүд биш, банкирууд биш, дизайнерууд биш, продюсер ч биш, удирдагчид ч биш болох янзтай. Бид өрөмдөгчид, уурхайчид, мод бэлтгэгчид байх бололтой. Өөрөөр хэлбэл хар ажилчид. Мэдээж, хөдөлмөр бүхэн хүндтэй, гэхдээ яагаад заавал ийм байх ёстой гэж? Бид чинь өөрсдийгөө өндөр боловсролтой, өндөр соёлтой ард түмэн гэдэгсэн. Улаан диплом өвөртөлсөн соёлтой хүмүүс газрын тосны намаг дотор шумуул хооллоод явж байх гэж. Николай Гоголь, Игорь Стравинский, Илья Пригожин нарын удам шүү дээ. Магадгүй үндэсний соёлынхоо оргилд хүрээгүй. Эсвэл боловсрол маань түүхий байна.

Эрчим хүчний нэг томоохон корпорацийн удирдагч хэлэхдээ, саяхныг хүртэл (магадгүй одоо ч гэсэн) Оросын нэг ч дээд сургуульд парохийн цахилгаан үүсгэгчийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй, энэ технологийг нарийвчлан судлах ганц ч багаж, төхөөрөмж байхгүй гэсэн юм. Товчхондоо, энэ бол дэлхийн хөгжингүй бүх орнуудад өргөн дэлгэрсэн технологи юм. Оюутнуудад юу сургаж байна? Тэдэнд ирээдүйг тольдон харах байтугай өнөөгийн түвшнээ мэдэх ч боломж хомс байна. Нэг губернаторын ажигласнаар, хөдөө аж ахуйн техникумын сонсогчид нь жараад оны техникийн жишээн дээрээс тракторын талаар ойлголт авч байжээ. Өөрөөр хэлбэл, боловсролын тогтолцоо маань цөөн тохиолдлыг эс тооцвол өнгөрсөн зууны мэргэжилтнүүд бэлтгэж байна.

Ерөнхийдөө, ирээдүйн өндөрлөгөөс өнөөдрөө тольдоход гунигтай зүйлс олон байна. Гэхдээ найдлага ч бас бий. Аж үйлдвэржилтийн дараах нийгмийн тухай ойлголтыг үндэслэгч Дэниэл Белл саяхан хэлэхдээ, дотоод тогтворжилтынхоо ачаар Орос орон "аж үйлдвэржилтийн дараах нийгэмд бусад ямар ч орноос түрүүлэн ороход бэлэн" гэсэн бол бид үүнтэй яагаад санал нийлж болохгүй гэж? Энэ нь бодитой гэдгийг бид харж байна. Дэлхийн хөдөлмөрийн хуваарьт бид заавал цагаан захтнууд болох ёстой, даяар шатлалд хамгийн чухал суудалд заавал тухлах шаардлагатай.

Бидний харж байгаагаар, үүний тулд: а) мөрөөдлийн зорилгоо бодитойгоор мөрдөх; зоримог санал дэвшүүлэхээс айлтгүйгээр үйл ажиллагаагаа яс тооцож, хэмжиж сурах. б) байгалийн нөөц ашиглалтын өгөөжийг дээшлүүлэх талаар гаргасан Ерөнхийлөгчийн санаачлагыг биелүүлэх, ингэхдээ үндэсний хамгийн үнэт байгалийн нөөц бол оюун ухаан болохыг санах. Газрын тос, хий, модноос үнэтэй, хүмүүсийн толгойд байгаа эрдэнэсийг шүтэх. Соёл, шинжлэх ухаан, боловсрол нь үйлдвэрлэлийн тэргүүлэх хүчин болохыг хүлээн зөвшөөрөх; ухаалаг, эрүүл саруул, эрх чөлөөт хүмүүс бол улс орны гол баялаг. в) цөөнхийн эрх ашгийг хүндлэн хөгжүүлэх нь олонхийн хүсэл зориг байхаар улс төрийн зам мөрийг зохиомжлох. Бүр тодруулбал: аж ахуй эрхлэгчид, эрдэмтэд, инженерүүд, хүмүүнлэгийн элч нар, соёлын зүтгэлтнүүд, удирдагчид, шинэ үеийн улс төрчид, нэг ёсондоо улс орны бүтээлч давхрагынхан. г) соёл, шинжлэх ухааныг санхүүжүүлэх нь хангалтгүй, тэдгээрийн ололтыг амьдралд нэвтрүүлж сурах хэрэгтэй болохыг санах. Манай орон шинийг санаачлагчдад ээлтэй, шинжлэх ухааны ажил эрхлэхэд ашигтай байх ёстой. д) Инновацийн салбарт хамтран ажиллах чиглэлээр дэлхийн тэргүүлэх эдийн засагтай тогтвортой харилцаа тогтоох. Тогтвортой гэдэг нь энгийн гэсэн үг биш. Өөрчлөлт, шинэчлэлийн анхны явцаас харахад олон улсын харилцаанд дангаар буулт хийх нь бараг өгөөжгүй, бүр сөрөг нөлөөтэй нь харагдсан. Ингэж буулт хийснээр өөдөөс харилцаагаа зөөлрүүлэх бус, улам даварч илүү их дарамт шахалт, буулт хийхийг шаарддаг нь тогтоогдсон. Ямартаа ч эвлэрлийн төлөө хийж буй алхамын үнэ цэнэ тоймгүй их биш юмаа гэхэд зохих хэмжээндээ байх л ёстой. Бүх юм төлбөртэй. Бидэнд үйлдвэрт ажиллах гаднын мэргэжилтэн, боловсрол, шинжлэх ухааны бүтцэд ажиллах гадаадын багш, мэргэжилтнүүд хэрэгтэй.

Амьдрал дээр: жишээлбэл Хятад улс дотоодын зах зээлээ нээх нэг болзлоор судалгааны төвөө байгуулах, технологийн шинэ шийдлээ дамжуулах тохиролцоог General Motors пүүстэй байгуулж чадсан. Хэзээ нэгэн цагт Япончууд иймэрхүү тохиролцоо хийж байлаа. Яагаад бид угсрах үйлдвэрээр сэтгэл ханана, ойлгомжгүй.


е) "төгөлдөршил", "ялгарал" зэрэг хий хоосон үгээр үндэсний өмнө тулгараад буй гайтай асуудлуудыг илэрхийлэх боломжгүйг ойлгох. Бидэнд төгөлдөршил хэрэггүй. Соёл иргэншлийн талаархи бодлын хүрдээ бүхэлд нь эсрэгээр эргүүлэх хэрэгтэй. Ингэхдээ мэдээж бие биенээ няц даралгүйгээр болгоомжтой алгуур хөдөлгөнө. Энд үнэхээр зарчмын хувьд цоо шинэ эдийн засаг, цоо шинэ нийгмийн тухай яригдаж байна. Ирж яваа цагаа билэгдсэн оросын соёлын шинэ тусгал хэрэгтэй.

Харин ирж яваа цаг амаргүй. Энэ нь түвэгтэй тогтолцооны түүх байх болно. Ардчилал бол түвэгтэй байдлын торгон зааг дээр ажиллах улс төрийн тогтолцоо мөн. Эрх чөлөөтэй, өөрөөр хэлбэл, тогтворгүй, хувирамтгай, бүтээлч орчингүйгээр инновацийн эдийн засаг оршин тогтнохгүй.

Одоогоор мөнгө болоод хүнд суртлын зуд, түвэгтэй байдал хийгээд бүтээлч сэтгэлгээний ган манай орныг нөмрөөд байна. Болхи бүтэц болон удирдлагын шугаман арга ноёрхсон нөхцөлд мэдээлэл боловсруулах хурд болон иргэдийн нийгмийн хөдөлгөөнт чанар туйлын дорой байна.

Манай нийгэм өөрийн ирээдүйтэйгээ нүүр тулснаас үүдэлтэй гүн цочирдол, алмайрлаа даван туулж мухардлаасаа сугаран гарах хэрэгтэй байна. Хотын ажил хэрэгч дүүрэгт гэнэт орж ирсэн хөдөөний залуутай бид тун төстэй байдалд ороод байна. Дуу чимээ, гал, гүйдэг гэрэл, эргэн тойрон хүрээлсэн лангуу, хаа сайгүй тааралдах ухаантнууд, худалдаачид болон наймаачид. Харин бид бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн амаа ангайн, нүдээ бүлтийлгэн учраа олохгүй төөрч мунгинана. Салхинд хийсчэхгүй л юмсан. Амаа ангайсан хэвээр байвал хамхуул мэт хийсэх нь дамжиггүй.

Нарийн түвэгтэй, нээлттэй, тогтворгүй, түргэн шуурхай, салхи мэт ертөнцөд амьдарч сурах хэрэгтэй. Хэрвээ энд тэнцвэр байдаг бол энэ нь хувирамтгай байх болно. Хэрвээ дэг журам бий бол энэ нь холбиромтгой, уян хатан байх болно.

Засаглалын төвлөрөл, нэгдэл нь бүрэн эрхэт төрөө хамгаалах, түүнийгээ олигархиудаас цэвэрлэн ардчилалд шилжихэд зайлшгүй хэрэгтэй байлаа. Харин өнөөдөр, тэр тусмаа маргааш ингэх нь зүйтэй юу, үгүй юу гэдэг нь Орос орон хөгжлийнхөө чанарын дээд шатанд шилжихэд дэм өгч чадах уу, үгүй юу гэдгээр тодорхойлогдох болно.

Гандирсын өргөөний өндөрлөгөөс ажихад, нийгмийн бүтцийг гагцхүү махчлан машиндаж жижиглэн бутаргах замаар бүтээлч эрч хүчийг чөлөөлөх тухай хоцрогдсон либерал шүтлэг явцгүй болох нь харагдаж байна. Түүнчлэн оросын улс төрийн соёлын чухал шинжүүд болсон бүхэллэг хандлага, нийгмийн эвлүүлэх, эрчлэх болон зангидах аргууд нь ардчлалыг төлжүүлэхэд тохиромжтой болох нь харагдлаа. Нийгмийн байгууламжуудыг гарцаагүй түвэгтэй болгон, нарийн ялгаралд оруулах нь ялгарлыг нэгтгэх, нарийн түвэгтэй бүхлийг зангидах арга, билгийн зохицлоор тэнцвэржиж байгаа нь илт. Соёл өөрийн гэсэн ач холбогдолтой нь илт. Шийдвэрлэх ач холбогдол. Ингэхдээ оросын соёл нь өнө мөнхийн жаргалд хүрэх энх баярын орныг билэгдэж байна.

Ингээд сүүлчийн үг. Нэмэж ярихгүй. Үнэн алдартнууд хийгээд өрнөдийн талыг баримтлагчдын үзэл бодлын ялгааны талаар Герцен хэлэхдээ: "Бид сөргөлдөгчид байлаа... гэхдээ биднийг нэгтгэх цорын ганц хайр байсан... орос ахуй, орд ухаанаа хайрлах... бүхнээс хүчтэй хэмжээлшгүй их агуу хайр".

Уулыг тал болтол, талыг там болтол булигах ардчлалын цагаан морио номхотгон түвшитгэж улс орноо хураан тохинуулсан Ерөнхийлөгч Путины үйл ажиллагаа нь чухамдаа алтан ордын шүтээн болсон алтан гадас одоор баримжаалан урагшаа бус хойшоо зүглэснээр, оросын улс төрийн соёлоо дээдлэн, Орос орноо хайрлахад чиглэгдсэн байдаг учраас олны таалалд нийцэн амжилтанд хүрсэн гэдэгт итгэлтэй байна.


Орос хэлнээс хөрвүүлсэн Б Эрдэнэбат, 2007 оны 10 сарын 22.